УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу жолооч нар 2017 оны 7-р сарын 1-ээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний хооронд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн бол үлдсэн 50 хувийн торгуулийг өршөөн чөлөөллөхөөр болсон.
Уг хуулийн дагуу улсын хэмжээнд 2 сая 804.816 зөрчлийн 50 хувь буюу нийт 33.3 тэрбум орчим төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэхээр болсон байна. Харин өнөөдрийн байдлаар нөхөн төлөгдөх ёстой нийт торгуулийн ердөө 22,6 хувь нь төлөгджээ. Энэ нь 514.767 зөрчлийн 6.2 тэрбум орчим төгрөгийн торгууль төлөгдсөн байна гэсэн үг юм. Харин 77,4 хувь нь буюу 27 гаруй тэрбум төгрөг төлөгдөөгүй байна.
Тэгвэл жолооч нар торгуулийн 50 хувиа төлж, үлдсэн хувийг чөлөөлүүлэх хугацаа удахгүй дуусах дөхсөн ч торгуулиа төлсөн жолооч нарын тоо хангалтгүй байгаа юм. Мөн жолооч нар торгуулийн 50 хувиа төлөхдөө гүйлгээний утганы үсэг тоог андуурах, илүү болон дутуу төлөх, банкны аппликэшн ашиглахад алдаа гарах тохиолдлууд байгааг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлөөгүй тохиолдолд өршөөлд хамрагдах боломжгүй тул торгуулиа үлдсэн хоногуудад багтаан төлөхийг тээврийн цагдаагийн албанаас уриаллаа .