ХӨСҮТ болон Интермед эмнэлэгт шинжилгээ өгөхийг заасан нь өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байж болзошгүй

Гадны улс руу зорчих гэж байгаа Монгол улсын 2-оос дээш насны бүх иргэнийг нислэгээс 24-48 цагийн өмнө “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа. Энэ дагуу 9-р сарын 9-нд  Эрүүл мэндийн сайдын  гаргасан тушаалаар ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабораторид шинжилгээг өгнө гэж заасан нь өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байж болзошгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас үзэж байгаа юм байна. Тодруулбал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас төрөөс гаргасан тушаал дээр аль нэг ААН бүтээгдэхүүний нэршлийг шууд заах нь өрсөлдөөний тухай хуулийн “Төрөөс аль нэг ААН-д давамгай эрх олгох, өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглосон” гэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм байна.

Тэгвэл УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс Монгол улсын иргэд гадны улсад очоод шинжилгээнээс болж саатах хүндрэл гарах тохиолдлууд гарч байгаа учраас эмнэлгүүдийн нэрийг заасан талаар хэлсэн юм. Олон улсад итгэмжлэгдсэн гэсэн шалтгаанаар Интермед эмнэлгийн нэрийг заасан гэсэн мэдээллийг нягтлахад өнөөдрийн байдлаар JCI олон улсын итгэмжлэлийн байгууллагад Монгол улсаас нэг эмнэлэг бүртгэлтэй байгаа нь Интермед эмнэлэг юм байна.