“Токио-2020” зуны олимп, Паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд Засгийн газрын шагнал гардууллаа

2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимпын наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпын бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон. Харин шинэчлэлийн Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар тус  тогтоолыг өөрчлөн мөнгөн шагналыг зөвхөн олимпын төрлийн тамирчдад олгохоор болсон байна. Энэ тогтоолоор Монгол улсын тамирчин олимпоос алтан медаль хүртвэл 120 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл 60 сая төгрөг, хүрэл медаль хүртвэл 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байжээ. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Токио-2020” зуны олимп болон Паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад дээр дурдсан 30 саяаас 120 сая төгрөгийн мөнгөн шагналыг  2 өрөө байрны батламжийн хамт тус тус гардуулсан нь өмнөх олимпын тамирчдад олгосон шагналаас онцлог боллоо. Мөн “Токио-2020” зуны олимп болон Паралимпийн наадмын шагналт, тусгай байрт шалгарч эх орныхоо нэрийг гаргасан тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг тус бүр 10-60 сая төгрөгөөр урамшуулсан нь өмнөх жилүүдийн шагналуудаас онцгой байлаа. 

Мөн олимпд оролцож шагналт буюу 4,5 р байрт орсон тамирчдад 20 сая төгрөг гардууллаа. Үүнд “Токио 2020” олимпд 4-р байрт шалгарсан гавьяат тамирчин М.Анхцэцэг, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, олимпын 5-р байрт шалгарсан Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг, М.Лхагвагэрэл, Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг, Н.Алтанцэцэг нар багтаж байгаа юм. 

60 сая төгрөг 2 өрөө орон сууцаар шагнуулсан С.Моллай энэ үеэр Герман улсын иргэншил хүсээгүй, 2024 оны олимпд Монгол улсын нэрийг гаргана гэж хэлсэн юм. Түүнчлэн “Токио 2020” олимпд анх удаа багийн спортын төрлөөр оролцсон 3ын эсрэг 3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчдад багт нь 30 сая төгрөг олгохоор баталсан байна.

Харин олимпд баг тамирчдаа амжилттай оролцуулсан дасгалжуулагч нарт тамирчдын үзүүлсэн амжилтаас хамааруулж дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг, Паралимпын алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тогтоол баталсан байна.