Манай улс шатахууны хомсдолд орж, Улаанбаатар хотод жолооч нар шатахуунд дугаарлаад 6 хонож байна. Үүсээд байгаа хомсдол энэ долоо хоногийн пүрэв гараг гэхэд шийдэгдэнэ гэж холбогдох байгууллагууд мэдээлж байсан. Тэгвэл БНХАУ-аас худалдан авч наашаа ачигдсан 2750 тн шатахуунаас эхний 50 вагон шатахуун Замын-үүдэд урд орой буюу есдүгээр сарын 26-ны 20:00 цагт ирсэн байна. Мөн ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд 20 вагон ачигдсан эхний ээлжийн 1212 тонн шатахууныг мөн урд оройны 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авчээ.
Шатахуун импортлогч компаниуд Улаанбаатар руу тээвэрлэх ажлаа хийж байгаа юм байна. Харин БНХАУ-аас авах шатахууны дараагийн 50 вагон нь өнөөдөр Эрээн хотод ирсэн гэдгийг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. Одоогоор Замын үүд боомт, Сүхбаатар өртөөгөөр хүлээж аваад байгаа нийт 3962 тонн шатахуун нь манай улсын 4 хоногийн ердийн хэрэглээний шатахуун юм.