Аялал жуулчлалын яамыг тусад нь байгуулах хэрэгтэйг салбарынхан хэлж байна

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Монголын Аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, хувийн хэвшлүүд хамтран “Аялал жуулчлал-гарц шийдэл” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үеэр сүүлийн 2 жил орчим зогсонги байдалтай байсан учраас аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон тухай хэлж байсан юм. Тодруулбал аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байраас 30-аад мянга нь өөр салбар руу хөрвөн ажиллаж байна. 20 гаруй жил ажилласан сайн боловсон хүчнээ алдаж байгаа гэлээ. Цар тахлын өмнөхөн буюу 2019 онд манай улс 570 мянга гаруй жуулчин хүлээн авч байжээ. Гэтэл сүүлийн 2 жил орчмын хугацаанд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа бүрэн зогссон байдалтай байгаа. Тэгвэл салбарын үйл ажиллагааг сэргээхийн тулд Аялал жуулчлалын яамыг тусад нь байгуулах шаардлагатай төдийгүй мөн уг салбарт сайн боловсон хүчний нөөц хэрэгтэй байгааг тус салбарынхан хэлж байна. Мөн цар тахлын хямралыг даван туулахад төрийн бодлого зохицуулалт болон дотоодын аялал жуулчлалыг анхаарах нь зөв шийдэл гэдгийг салбарынхан онцолж байна.