Их Британид шатахууны хомсдол үүсжээ

Их Британид том оврын ачааны машины жолооч дутагдалтай байгаагаас шатахууны хомсдол үүсээд байгаа юм байна. Тус улсад том оврын автомашины жолоочийн ажлыг цагаач ажилчид ихэвчлэн гүйцэтгэдэг байсан хэдий ч 2019 оноос эхлэн Их Британи улс цагаачлалын визний нөхцөлөө чангаруулснаас үүдэлтэйгээр цагаач иргэд нутаг буцахад хүрсэн байна. Цагаач иргэд нутаг буцсантай холбоотойгоор Их Британид дотооддоо жолооч бэлтгэх болсон байна. Гэсэн хэдий ч “Ковид-19”  цар тахал, хорио цээрийн дэглэмийн улмаас шинээр бэлдсэн жолооч нараасаа шалгалт авч, үнэмлэх олгох ажил цуцлагдахад хүрчээ. Их Британи улсын шатахуун борлуулагч  “Бритиш петролиум” хэмээх томоохон компани 1000 гаруй  шатахуун түгээх станцаа түр хаах шийдвэр гаргасан нь шатахууны нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж мэдэгдсэн байна. Их Британи улсын Тээврийн сайд Грант Шэппс өнөөдрийн хийсэн мэдэгдэлдээ “Их Британи улс цагаач жолооч нарын визний нөхцөлийг хөнгөрүүлнэ, гадны улсын 10 мянган гаруй том оврын машины жолоочийг өнөөдрийн дотор тус улсад бүрдүүлнэ”  гэж онцолсон байна. Мөн  бүх төрлийн шатахууны нөөц энэ он дуустал хэвийн байгаа хэдий ч том оврын ачааны машины жолооч хомсдолтой байгаагаас шалтгаалан ийнхүү шатахууны түгээлт зогсонги байдалд орчихоод байгаа гэдгийг дурджээ.