БНХАУ-ын төв банк Криптовалютын гүйлгээг хориглолоо

Энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын төв банкнаас  Криптовалюттай холбоотой бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлаад байна. Ингэснээр Хятад улсын иргэд гадаад орны Криптовалютыг цахимаар дамжуулан худалдаж авах эсвэл Криптовалютаар үйлчлүүлэхийг хоригложээ.

БНХАУ-ын төв банкнаас “Биткоин, Этериум зэрэг нь хууль бус, зах зээлд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэх чадваргүй” гэж мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн дараагаар Биткоины ханш 5.7 хувиар, Этериумын ханш 9 орчим хувиар тус тус унажээ. Мөн бусад орны бүх төрлийн цахим “Койн” болон бүх Криптовалютын хувьцааны үнэ унасан гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. БНХАУ-ын төв банкны мэдэгдсэнээр “Хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэх болно. Гадаадын биржүүдээс Хятадын иргэд интернэтээр дамжуулан үйлчилгээ авбал бас хууль бус үйл ажиллагаанд тооцно” гэдгийг сануулжээ. Криптовалют нь Хятад улсад санхүүгийн дэг журмыг алдагдуулж, луйвар, мөрийтэй тоглоом, мөнгө угаалт зэрэг хууль бус үйл ажиллагаа хөгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж Хятадын төв банкнаас үзэж байгаа юм.

Хятадын төв банк Криптовалютын хууль бус үйл ажиллагаатай тэмцэхдээ Хятадын Кибер орчны зохицуулах газар, Ардын дээд шүүх, Мэдээллийн технологи, аж үйлдвэрийн яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна.