Түлэгдсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээ хийх, нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг Монгол улсад байхгүй

Улсын хэмжээнд түлэнхийн мэс заслын эмчилгээ үйлчилгээг улсын эмнэлгүүд дундаас Гэмтэл согог судлалын үндэсний төв голчлон үзүүлж байна.

  • Тус эмнэлгийн амбулаториор 7 хоногт түлэнхийн гэмтэл авсан 270 гаруй хүн үйлчлүүлдэг бол хүлээн авах дээр түлэгдэлттэй 240  гаруй хүн ирдэг байна.
  • Өөрөөр хэлбэл 7 хоногт 500 орчим хүн хүнд, хөнгөн хэлбэрээр түлэгдэж байна гэсэн үг юм.
  • Түлэнхийн гэмтэл авч ирж буй иргэдийн  70-80 хувь нь 0-3 насны хүүхэд байдаг бөгөөд ихэнхдээ ахуйн хүрээнд гэртээ түлэгддэг  юм байна.
  • Харин тус эмнэлэг түлэнхийн эмчилгээ хийх ердөө 35 ортой. Тиймээс их хэмжээний гүнзгий түлэгдэлттэй насанд хүрэгсэд болон хүүхдүүдийг хэвтүүлэн шаардлагатай мэс засал, уураг нөхөх зэрэг амийг нь аврах эмчилгээ хийгээд гаргадаг байна.  

Гэтэл түлэнхийн эмчилгээний дараах хяналт, нөхөн сэргээх, физик эмчилгээ маш чухал байдаг. Учир нь түлэнхийн болон мэс заслын дараах сорив татагдаж, наалдаж эдгэдэг. Энэ тохиолдолд түлэнхийн гэмтэл авсан хүүхдүүд насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй нэгэн болж үлдэж байгааг хэлж байна. Түлэнхийн эмчилгээний дараах хяналтыг тогтмол хийж түлэгдсэн хүүхдийн бие эрхтэн үйл ажиллагааны ямар нэг алдагдалгүй болгох бүрэн боломжтойг эмч нар хэлж байна. Гэвч түлэнхийн нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг  манай улсад байхгүй учраас тэдгээр хүүхдүүдэд хүрч үйлчилж, эмчилж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх нь чухал.  Харин санамсар болгоомжгүй байдлаас үүдэн түлэгдсэн бол эмчилгээний дараах хяналтад тогтмол орохыг эмч нар зөвлөж байна. 2011 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа түлэнхийн төвийн барилгыг нурах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагаас акталсан. Үүнээс хойш улсын хэмжээнд түлэнхийн эмчилгээ үндсэндээ орхигдсон гэж хэлж болно. Тус эмнэлгийн барилга баригдаж байгаа ч ашиглалтад ороогүй 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсын ирээдүй болсон олон 1000 хүүхэд эмнэлэггүй үеийн золиос  болж байна.