Өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн цар тахлаас шалтгаалж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зарим чиглэлийн үйл ажиллагаа 130 хоног бүрэн зогсож, хэсэгчилсэн болон тодорхой хязгаарлалттай 200 гаруй хоног болжээ. Үүнээс болж аж ахуй нэгжүүд хүнд нөхцөлд байгаа энэ үед УОК-оос гаргасан дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа бизнес эрхлэгчид хэлж байна.
Манай улсад 2020 оны байдлаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 8500 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тогтоосон хөл хорио, ажиллах цагийн хязгаарлалтын улмаас эдгээр аж ахуй нэгжүүдийн 25 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, 10 мянга гаруй ажлын байр үгүй болж, ААН-үүд зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж Монголын ресторан зоогийн газрын холбооноос гаргасан судалгаанд дурджээ .
Тэгвэл ААН-үүд хүнд байдалд орсон энэ цаг үед УОК-оос гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 10-р сарын 1-ээс эхлэн 11-р сарын 1 хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлж байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сэргээх, санхүүгийн алдагдлаа нөхөх, цаашид хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад төр засгаас энэ мэтээр хаах биш харин дэмжих шаардлагатай байгааг хэлж байсан юм.