ХБНГУ-ын төрийн тэргүүн буюу Канцлерийн албан тушаалд 16 жилийн турш тасралтгүй ажилласан “Мөнхийн канцлер” Ангела Меркел улс төрөөс өөрийн нэрийг татан авжээ. Жирийн физикч, зүүн германаас гаралтай анхны эмэгтэй “Канцлер” болж холбооны улсын түүхэнд өөрийн нэрийг тодоор үлдээж чадсан гэж ОУ-ын шинжээчид дүгнэсэн байна.
Берлины ханыг нураахаас өмнө зүүн Германы нутаг дэвсгэрт Ангела Меркел 1954 оны долдугаар сарын 17-ны өдөр мэндэлсэн байна. Зүүн Германд төрж өссөн физикч мэргэжилтэй тэрээр 1988 оноос Герман улсын “Христийн ардчилсан нам”-ын тэргүүн болсноор түүний улс төрийн замнал эхэлжээ. Намын даргын ажлыг хүлээж авснаас хойш тэрээр 1991-1994 оны хооронд гэр бүл, залуучууд болон эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж улс төрийн замналаа үргэлжлүүлсэн байна. 1993 онд Мекленбург хотын Христийн ардчилсан холбооны дарга татвараа буруу тооцож хувьдаа мөнгө завшсан хэрэг илэрсний дараа түүний орыг залгамжлан 1994-1998 оны хооронд Де Мезьемын засаглалын үед Засгийн газрын албан ёсны гадаад улс дахь төлөөлөгчийн үүрэгт томилогдсон байна. 1998-2005 он хүртэл Канцлер Хелмут Колийн санал болгосны дагуу Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайдаар томилогдсоноор Засгийн газарт илүү чухал үүрэг гүйцэтгэх болж, улмаар улс төрийн шинэ өндөрлөгт хүргэх эрх мэдлийг түүнд өгсөн гэж улс төр судлаачид дүгнэдэг байна. Ийнхүү 2005 оноос Холбооны бүгд найрамдах улсын түүхэн дахь анхны эмэгтэй, зүүн Германаас сонгогдсон “Канцлер”-аар тус улсын иргэд дуу нэгтэйгээр сонгосон байна.. Түүнчлэн Германы эдийн засгийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийж ОУ-д нээлттэй эдийн засгийн системийг хуулийн хүрээнд хяналт тавьж чадсанаар Ангела Меркелийн нэр хүндийг дэлхий дахинд ихээхэн өсгөж чадсан байна. Канцлераар сонгогдсоны дараа Герман улсын хууль тогтоомж нь үндэсний өрсөлдөх чадварыг хязгаарлаж байна гэж үзээд Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтийг хийснээр дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болсон байна. Төрийн оролцоогүй чөлөөт эдийн засагтай улсын хувийн хэвшлийн үйл ажиллагаа гэрлийн хурдаар өргөжин тэлж Герман улсын дотоодын нийт бүтээгдэхүүн Ангела Меркелийн засаглалын үед даруй 30 хувиар нэмэгдсэн байна.