Энэ сарын 26-ны өдөр болсон сонгуулийн дараа Исланд улс парламентад эмэгтэйчүүд дийлэнх олонхын суудал авсан Европын анхны улс болсон гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тодруулбал Исландын нэг танхим бүхий парламент нь 33 эмэгтэй, 30 эрэгтэй гишүүнээс бүрдэх юм байна.
Исланд улсын парламентын гишүүдийг пропорционал тогтолцоогоор сонгодог бөгөөд нийт 63 гишүүний 54 суудлыг зургаан тойргийн санал хураалтын дүнд үндэслэн хуваарилдаг байна. Үлдсэн есийг нь улсын хэмжээнд 5-аас доошгүй хувийн санал авсан намуудад өгдөг гэж тус улсын Сонгуулийн хяналтын газраас мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар Европ тивд парламентын суудлын 50-аас дээш хувийг эмэгтэй гишүүд эзэлсэн тохиолдол гарч байгаагүй, харин хамгийн ойр дөхөж очсон улс нь Швед улс байжээ. Швед улсын парламентийн гишүүдийн 47 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол Исланд улс 52 хувийг эзэлж байна. Тэгвэл Исланд улс хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. НҮБ-ын “Хүйсийн тэгш эрх”-ийн эерэг үзүүлэлттэй дэлхийн улс орнуудын жагсаалтыг сүүлийн 12 жилийн хугацаанд тус улс тэргүүлж байгаа юм. Мөн дэлхийн улс орнуудаас хамгийн анх удаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил төвшний цалинтай байх хуулийг Исландад 1961 онд баталж байжээ.