2022 оны 1-р сараас 7-р сарын 1-н хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг бэлнээр болон хуримтлалаар сонголттой олгоно

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг салбарын сайд нар танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ирэх оны төсвийн төслийг УИХ 11-р сарын 15-ны өдрийн дотор батлах учиртай. Тэгвэл 2022 оны улсын төсвийг 2019 оноос хойш үүсээд байгаа сорилт уналтыг тогтворжуулах, дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг бий болгох зорилготойгоор хийсэн гэж Сангийн сайд мэдэгдлээ. 

Ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр бүтээмж  өсөлт гэсэн уриатай 8 чиглэлээр шинэчлэн боловсруулж байгаа гэлээ. Үрэлгэн хөрөнгө оруулалтуудыг дэмжихгүй, үүний оронд бизнесийн орчныг дэмжих дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг түлхүү хийх юм байна. Энэ дагуу зам тээвэр, эрчим хүч, барилга хот байгуулалтын сайдын хөгжлийн төсвүүдийг 4-5  дахин нэмэгдүүлнэ гэлээ . Мөн ирэх 4 жилд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр төсөвт тусгасан гэдгийг сангийн сайд хэлсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн хөнгөлөлт арга хэмжээнүүд нийгмийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа учраас тус сангийн тогтвортой байдлыг хангах  хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна. Нийгмийн даатгалын сангаас зөвхөн цар тахлын үед 900 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн байна.