БНАСАУ энэ сарын 28-ны өдөр "Хвасон-8" шинэ төрлийн алсын зайн пуужингийн туршилт явуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Туршилтыг БНАСАУ-ын хойд хэсэгт орших Чагандо хотод явуулсан гэж шинжээчид үзэж байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, тус улс шинэ пуужингийн тусгалын чадвар, бат бэх байдлыг шалгасан байна. Мөн БНАСАУ-ын цэргийнхэн хөдөлгүүр, түлшний системийн тогтвортой ажиллагааг баталгаажуулсныг дурджээ. Шинэ төрлийн "Хвасон-8" пуужинг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академи стратегийн зэвсэг бий болгох таван жилийн төлөвлөгөөний хүрээнд бүтээжээ. Энэ оны нэгдүгээр сард болсон Умард Солонгосын хөдөлмөрийн намын VIII-р их хурлын үеэр тус улсын удирдагч Ким Жон Ун “Дуунаас хурдан зэвсэг” бүтээх хөтөлбөрөө үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн юм. Тэгвэл БНАСАУ шинэ төрлийн пуужингийн туршилтаа явуулахын зэрэгцээ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт пуужин харвасан гэж Япон улсын Засгийн газраас өнөөдөр мэдэгдсэн байна. БНАСАУ-ын харвасан пуужин 200 орчим км зайг туулснаас гадна нислэгийн хамгийн өндөр цэг нь 30 км байсан гэж Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.