Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 450 хүн эмнэлгийн ор хүлээж байна гэв

Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулан  мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдварын тархалт өндөр байгаа энэ үед 4000 эмч эмнэлгийн ажилтан ажиллах шаардлагатай байгаа боловч бодит байдал дээр 2000 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа юм байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 46 эмнэлэгт нийтдээ 5986 ор дэлгэн “Ковид-19”-ийн халдвар авсан хүнд, нэн хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. 9-р сарын 28-ны байдлаар хүнд болон хүндэвтэр оноштой 258 хүн зайлшгүй заалтаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай ч ор байхгүйн улмаас хүлээлгийн байдалтай байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо  450 болтлоо өсжээ. Энэ мэтчилэн өдрөөс өдөрт хүндээр өвдөж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа ч ор нэмж дэлгэхгүй байгаа шалтгааныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүний нөөцтэй холбон тайлбарлаж байна.

Мөн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, ажилтнуудыг “Ковид-19”-ийн халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд сайн дураараа идэвхтэй оролцохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриалж байсан юм.