Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Хамгийн түрүүнд цалин тэтгэврийг 2022 онд 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгахыг шаардсан юм.
Улсын их хурлын намрын чуулганаар нэн тэргүүнд 2022 оны төсвийн төслийг хэлэлцэн батална. Тэгвэл МҮЭХ-оос бараа бүтээгдэхүүн, шатахуун, суурь хэрэглээний үнэ өссөнөөс үүдэн иргэдийн цалин хөлс хүрэлцэхгүй болсон. Цар тахлын үед улаан шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан ажлаасаа гарч эхэлсэн. Энэ бол хамгийн том жишээ хэмээн хэлсэн юм. Мөн МҮЭХ-оос Нийгмийн даатгал төлөгчдийн тэтгэврийг өвлүүлдэг болгох тогтолцоог бий болгохыг шаардсан юм.
Өөр нэг шаардлага нь бүх төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс төрийн албан хаагчдын орон тоог бууруулахгүй байх хэрэгтэй гэсэн юм. Харин төсвийн төсөлд үүний эсрэг чиглэл орсон нь төрийн албаны бүтцийг шинэчлэх. Монгол улс 300 мянган төрийн албан хаагчийн цалин, НДШ-д жил бүр 450 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг бөгөөд цэвэрлэгээ гэх мэт зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж зардлыг бууруулна гэж мэдээлээд байгаа юм. Түүнчлэн цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Нийгмийн даатгалын сангийн зарцуулалт хяналтын тогтолцоог сайжруулах зэргийг МҮЭХ-оос Засгийн газраас шаардлаа.