Европ тивд эрчим хүчний хямрал нүүрлээд байна

Европ тив ногоон орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор 2016 онд “Парисийн хэлэлцээр”-ийн тунхаг бичгийг баталсан байдаг. Уг хэлэлцээрийн  дагуу Европын улс орнууд нүүрсийг эрчим хүчний хэрэглээнээс шат дараатай хасаж эхэлсэн юм. Ингэснээр шатамхай шингэн хийн эрэлт ихсэж, үнэ нь нэмэгдсэнээр эрчим хүчний хямрал тус тивд нүүрлээд байна.

Европын эрчим хүчний салбарт үүсээд байгаа хямрал  ирэх жил  хүртэл үргэлжлэх магадлалтай гэж Европын дотоодын зах зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Тьерри Бретон мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Ковид-19-ийн халдварын улмаас газрын тос, байгалийн хийн хоолой хаагдаж, эрчим хүчний нийлүүлэлт буурахад хүрсэн. Үүний үр дүнд Европ тив эрчим хүчний нөөцийг хангалттай хэмжээнд барьж чадаагүй гэсэн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний асар их эх үүсвэртэй боловч зуны саруудад Европ тивд хэт халалт үргэлжилсний улмаас салхигүй байснаар сэргээгдэх эрчим хүчийг хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чадаагүй” гэдгийг  дурджээ. Хямралын бас нэг том  шалтгаан нь “Геополитикийн хурцадмал байдал тэр дундаа Герман Оросын нийлүүлж байгаа хийнээс хэт хамааралтай” байгаатай холбоотой гэж Европын холбоо үзэж байгаа юм. Есдүгээр сарын 25-нд Европ холбооны хөрөнгийн бирж дээрх хийн үнэ урьд хожид байгаагүйгээр өссөн байна. Энэ 7 хоногийн байдлаар биржүүд дээрх хийн үнэ дахин нэмэгдэж, түүхэнд анх удаа 1000 шоо метр тутамд 1000 ам.доллар давсан байна. Түүнчлэн БНХАУ дотоодын эрчим хүчний нөөцөө хангахын тулд Европ-руу нийлүүлэх хийн экспортоо түр зогсоосноос үүдэлтэйгээр эрчим хүчний хямрал цаашид үргэлжлэх хугацаа сунгагдана гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.