БНАСАУ энэ долоо хоногийн эхээр Баллистик пуужин харвасантай холбоотойгоор нүб-ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлажээ. Энэ 7 хоногийн мягмар гарагт Умард Солонгос шинэ төрлийн “Хвансон-8” алсын тусгалт пуужинг зүүн чиглэлд харвасан юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр АНУ, Их британи, Францын эрх баригчдын хүсэлтийн дагуу НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хаалттай хэлбэрээр явуулсан байна. Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ыг есдүгээр сарын 15-нд пуужин туршсаны дараа мөн яаралтай хуралдаан зохион байгуулсан боловч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Тэгвэл пүрэв гарагт болсон хаалттай хуралдааны үеэр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Умард Солонгосыг пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн хэвээр байвал тус улсад тавиад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэдэгтэй санал нэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс БНАСАУ-тай хоёр талт хэлэлцээ хийх санал хүргүүлсэн боловч Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “Вашингтон хэлэлцээ хийх санал тавьсан нь дайсагнасан бодлогоо нуух гэсэн арга” гэж Хөдөлмөрийн намын телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хурал үргэлжилж байх үед БНАСАУ өчигдөр “Зенит”-ийн шинэ пуужингийн туршилтаа дахин амжилттай явууллаа гэж тус улсын төв радио станц болох “Солонгосын дуу хоолой” өнөөдөр мэдээлсэн байна.