ОХУ Тажикистаны эрх баригчдад болон Талибанчуудад тайван замаар асуудлаа шийдэхийг уриалжээ

9-р сарын 23-ны өдөр болсон НҮБ-ын 76-р ерөнхий ассамблейн чуулганы индрээс Тажикистан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон “Афганистан улсад нэгдсэн сонгууль явуулж, бүх үндэстнийг хамарсан, тэр дундаа тус улсад амьдардаг Тажик үндэстнийг багтаасан засгийн газар байгуулах ёстой” гэсэн мэдэгдлийг хийсэн юм. Үүний хариуд Афганистан улсын засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөний зүгээс “Манай улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг сануулж байна” хэмээн мэдэгдсэн  байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын гадаад хэргийн яамнаас дээрх хоёр улсын удирдлагуудад тайван замаар, харилцан зөвшилцсөний үндсэн дээр асуудлаа шийдэхийг уриалсан байна. Тажикистан болон Афганистан улсын талууд хилийн бүс рүү цэргийн хүчээ илгээж эхэлсэнд ОХУ-ын зүгээс санаа зовниж байгаагаа дурджээ.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Билал Карими Талибууд Тажикстантай хиллэх бүс нутгийн орчимд цэргийн хүчээ төвлөрүүлж байгааг үгүйсгэжээ. Харин Тажикстаны гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр 2 улсын хилийн бүсэд байрладаг “Тахар” аймагт мянга мянган цэргүүд байлдааны бэлэн байдалд байна гэсэн байна. Түүнчлэн 2 улсын удирдлага “Харилцан хатуу байр суурь илэрхийлж байгаа нь цаашид хөрш орнуудын харилцааг муутгахаас гадна дайны нөхцөл байдалд шилжих аюултай байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн сард тус улсад бэлтгэгдсэн Афганистаны агаарын цэргийн хүчний албан хаагчид Тажикистанд хоригдож байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Талибууд засгийн эрхийг авсны дараа тэд олон арван цэргийн нисэх онгоц хөлөглөн Тажикистан, Узбекистаны хил рүү нэвтэрснээр тэдгээр оронд саатуулагдаад байгаа юм. 

“Талибан” хөдөлгөөн” олон улсын хамтын нийгэмлэг тэр дундаа АНУ-тай харилцан итгэлцэл дээр суурилсан харилцаа тогтоох зорилготой байгаа юм. Иймээс цаашид энх тайвныг эрхэмлэж, тайван замаар хөрш улстайгаа асуудлаа шийдэх хэрэгтэй гэж улс төр судлаачид дүгнэж байна.