Түлэнхийн эмнэлэг газаргүй болсон учраас зоорийн давхартаа моорог хийж байна

Түлэнхийн эмнэлэг ашиглалтад орохыг хүлээж байгаа олон хүүхэд байна. Гэвч анхны зураг төлөвлөгөө нь 3 барилгаас бүрдэх Түлэнхийн эмнэлгийн барилга өнөөдрийн байдлаар 2 барилгатай болсон байдалтай байна. Моорог баригдах газарт орон сууцны барилга баригдаж байгаа ажээ. Харин амбулатори болон 240 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн 2 барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна гэж гүйцэтгэгч компаниуд мэдээлжээ.  Б блок буюу 240 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн барилгын зоорийн давхарт моорог байхаар шийдвэрлэе гэж Эрүүл мэндийн яамнаас захиалгаа гэнэт өөрчилснөөр барилгын ажил удаашраад байгаа гэж гүйцэтгэгч компаниас хэлсэн юм. 

Харин Түлэнхийн эмнэлгийн моорог барих газрыг хууль бусаар бусдад эзэмшүүлсэн гэж “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас үзэж байна. Тус байгууллага  эмнэлэггүй 10 жилийн хугацаанд түлэгдэж хохирсон хүмүүсийн эрх ноцтой зөрчигдсөн талаарх дүгнэлтийг ХЭҮК-оос гаргуулахаар ажиллаж байна. ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн эмнэлэг 2011 онд 16000 гаруй мкв газартай байсан. Харин одоо 7000 гаруй мкв газартай болсон байна. Эмнэлгийн барилгын захиалагч нь Эрүүл мэндийн яам бөгөөд бид холбогдох албан тушаалтнуудаас Түлэнхийн эмнэлгийн бусдад эзэмшүүлсэн газар болон ашиглалтад оруулах хугацааг тодруулах гэсэн боловч бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Уг асуудлаар эргэн мэдээлэх болно.