УОК-оос Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 10-р сарын 1-ээс эхлэн 11-р сарын 1 хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гаргасанд салбарын аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна. Гэвч шийдвэр яг эцэслэгдэн батлагдаагүй учир өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 8500 гаруй ААН байдаг байна. Эдгээр Аж ахуй нэгжүүд сүүлийн 2 жилийн хугацаанд хэсэгчилсэн болон хатуу хөл хорионд 230 хоног орж цагийн хязгаарлалттай ажиллажээ. 2021 оны эхний хагаст гэхэд л салбарын нийт борлуулалтын орлого цар тахлын өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хүртэл хувиар буурч, нийт 10.000 гаруй ажилтан түр болон урт хугацаанд ажлын байраа алдсан гэсэн албан бус тоо баримт байна. Салбар бүхлээрээ эдийн засгийн уналтад ороод байгаа ийм үед цаашид цагийн хязгаарлалт тогтоох замаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргахгүй байхыг тэд хүсэж байна. Түүнчлэн цаашдаа хөл хорио тогтоох, цагийн хязгаарлалт хийх шийдвэр гаргавал нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй ААН хамтран эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгдлээ.
