Олон улсын 600 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн нийгэмлэгээс “Pandora papers” гэж нэрлэсэн санхүүгийн баримт бичгийг олон нийтэд ил болгожээ. Эрэн сурвалжлах ажиллагаанд Washington post, BBC, Quardian зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцсон байна.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид албан татваргүй бүсүүдэд байрладаг санхүүгийн компаниас алдагдсан болон зарим нууц материалуудыг цуглуулж чаджээ. Ил болгосон мэдээллээс харвал Британийн Виржинийн арлууд, Панам, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Швейцар зэрэг татваргүй бүсүүдэд бүртгэлтэй 1 мянга орчим оффшор компанийг илрүүлсэн байна. Энэ ажиллагаагаар дэлхийн 117 улсын 336 улс төрч болон улс төрийн өндөр албан тушаалтны нууц хөрөнгийг ил болгосон байна. Эдгээрээс 35 нь аль нэг улсын төрийн тэргүүнээр одоо ч ажилладаг, мөн ажиллаж байсан хүмүүс байгаа гэдгийг сэтгүүлчид олж тогтоожээ.
Их британи улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Лондон хотод 15 сая ам.долларын үл хөдлөх авахдаа оффшор бүс дахь компаниараа дамжуулан худалдаж авснаар татвараас зайлсхийсэн нь ил болсон байна. Мөн Чех улсын Ерөнхий сайд Андрей Бабиш 22 сая ам.доллароор буюу оффшор бүс дахь мөнгөөрөө Франц улсад эдлэн газар худалдаж авснаар татвараас зугтсан зэрэг олон олон санхүүгийн баримтуудыг дэлгээд байгаа юм.
Түүнчлэн улс төрчдөөс гадна Колумбын дуучин Шакира, Германы супер модель Клаудиа Шиффер зэрэг олны танил хүмүүс оффшор компани ашиглан татвараас зугтсан баримтууд ил болжээ. Харин Монгол улсаас 2 улс төрч оффшор бүсэд компанитай гэдэг нь батлагдсан байна. Эдгээрийн нэг нь Монгол улсын их хурлын гишүүн Сүхбаатарын Батболд гэдгийг одоогийн байдлаар ил болгочхоод байгаа юм байна.