Японы гүнж Мако Акишино дунд сургуулийн нэг ангийн залуу, Японы жирийн иргэнтэй энэ сарын 26-нд хуримаа хийж албан ёсоор хааны удмын цол хэргэмээ хүлээлгэн өгөхөөр болжээ. Японы хатан хааны хэвлэл мэдээллийн албанаас уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг өчигдөр хийсэн байна.
Мако гүнж энгийн иргэнтэй гэрлэснээр албан ёсоор хааны гэр бүлийн гишүүнээс хасагдахаас гадна жил бүр авдаг 1.5 сая долларын тэтгэлгээсээ татгалзах юм гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна. Мако гүнжийн нөхөр болох Комуро санхүүгийн асуудлаас болж өнгөрсөн онд хуримын үйл ажиллагааг зохион байгуулж чадаагүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл энэ сард тэд хуримаа Япон улсад хийгээд цаашид жирийн гэр бүлийн амьдралаар АНУ-д амьдрахаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна. Хааны удмын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон мэдээллүүдээс болж Мако гүнж сэтгэлзүйн эмгэгээр өвдсөн бөгөөд цаашид ийм байдлыг тэсвэрлэхгүй гэдгээ мэдэгджээ. Эрүүл мэндийн шалтгаан болон хааны ордны хатуу дүрэм журмаас үүдэлтэйгээр амьдралд нь асуудал үргэлж гарч ирж байгаад сэтгэл дундуур байгаа гэдгээ гүнж дурдаад хэн нэгэн хүний хэлснээр амьдарна гэдэг хамгийн хэцүү, өөрийнхөө гараар өөрийнхөө ирээдүйг бий болгох нь хамгаас чухал гэдгийг залууст хандан хэлжээ.