Шүүгчид дотроосоо ШЕЗ, шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдээ сонгож, огцруулна

Монгол улсын 512 шүүгч анх удаа шүүгчид дотроосоо шүүхийн ерөнхий зөвлөлийн 5, шүүхийн сахилгын хорооны 4 шүүгч гишүүнийг сонгож байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай хуулийг энэ онд шинэчлэн найруулж, шүүх өөрийн удирдлагаа сонгох, шүүхийн бие даасан байдлыг хангахад томоохон алхам хийсэн юм.

ҮХНӨ-д хуульчаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болгосон. Тиймээс ҮХНӨ-д нийцүүлж, шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ШЕЗ-ийн 10  гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор хуульчилсан.

Мөн шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тиймээс 9 гишүүнтэй шүүхийн сахилгын хороог байгуулж, 4-ийг  шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 2, анхан шатны шүүхээс 1 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор тусгасан. Хуульд зааснаар нийт шүүгчдийн чуулганыг 2 жилд нэг удаа зохион байгуулна. Шүүгч нар дотроосоо ШЕЗ, шүүхийн сахилгын хорооны 9 гишүүнийг томилохоос гадна огцруулах эрх нь бий.

ШЕЗ-ийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 6, давж заалдах шатны шүүхээс 9, хяналтын шатны шүүхээс 1 шүүгч нэрээ дэвшүүлсэн бол сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 4, давж заалдах шатны шүүхээс 5, хяналтын шатны шүүхээс 1 шүүгч нэрээ дэвшүүлжээ. Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно.