Ирэх оны төсвийн онцлогийг хөгжлийн хөрөнгө оруулалт байх болно гэж Засгийн газраас нэгэнтээ мэдэгдсэн. Тиймдээ ч авто зам, эрчим хүч, барилгын салбарт ирэх онд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, авто замын салбарт энэ онд 29.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ирэх онд 217 тэрбум төгрөг, барилгын салбарт 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Тэр тусмаа ирэх онд эрүүл мэнд, барилгын салбарт эн тэнцүү гэж хэлж болох ажлыг хэрэгжүүлнэ. Нийслэлийн 2-р төрөх эмнэлгийн барилгад 18 тэрбум төгрөг, ЭХЭМҮТ-ийн өргөтгөлд 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Барилгын ажлыг удаашруулалгүй, 2-3 жилийн хугацаанд ашиглалтад оруулах байдлаар төсвийг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Ирэх 2022 онд хөгжил дагуулсан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, тэр тусмаа эрчим хүч, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэндийн салбартаа голлон анхаарал хандуулах бололтой. Тэр тусмаа авто зам, барилгын салбарын төсвийг энэ онтой харьцуулахад 4-5 дахин нэмэгдүүлжээ. Олон жил хүлээгдсэн Нийслэлийн 2-р төрөх эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн асуудлыг ирэх оны төсвөөр шийдэх юм байна. Ирэх онд 15.8 их наяд төгрөгийн орлого олж, 18.2 их наяд төгрөгийг зарцуулна гэж тооцсон нь хэт эерэг төсөөлөлтэй төсвийн төсөл гэдгийг эдийн засагчдын төлөөлөл шүүмжлээд эхэлсэн. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний үнэ тааламжтай байгаа нь ирэх онд ч үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.