Хүүхдийн биед халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчил өнгөрөгч 9-р сард өссөн байна

Өнгөрөгч 9-р сарын байдлаар улсын хэмжээнд хулгайлах, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил буурсан ч хүүхдийн эрхийг зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой  зөрчил өссөн байна. 2021 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 987.787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс өнгөрөгч 9-р сард 63.302 хэрэг бүртгэгджээ. Энэ статистик мэдээлэл дотроос 0.5 хувь буюу бага хувийг эзэлж байгаа ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа бол зөрчил бол хүүхдийн эрхийг зөрчих зөрчил болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байна. Хүүхдийн эрхийг зөрчих зөрчилд эцэг эх, асран хамгаалагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу хүүхдийг хоол, хүнс, орон байраар гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнс хэрэглүүлсэн зөрчил 12, хүүхдийн тэтгэмжийг хугацаанд нь төлөөгүй 15 зөрчил, хүүхдийн бие мах бодод халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан үйлдэл хүүхдийн эрхийн зөрчилд хамгийн их буюу 292 бүртгэгджээ. Өнгөрөгч 9 дүгээр  сард 63.302 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 8 дугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан байна.  Харин хулгайлах зөрчил 14 хувиар, нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурсан байна. Зөрчлийн хэргийн улмаас 348.957 төгрөг хохирол учирч, 85.8 хувийг нөхөн төлүүлжээ.