УИХ-ын намрын чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хөрөнгийн босгийг бууруулах заалт дээр гишүүд, олон нийт талцаад байгаа. Тэгвэл зарим хуульчид хөрөнгө оруулалт татахад саад бэрхшээл болдог гол асуудал нь хөрөнгийн босго биш, манай улсын улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдал гэдгийг хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлд валют нийлүүлэх зэрэг сайн талтай. Түүнчлэн том зургаар төлбөрийн тэнцэл сайжирч, макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг гэдгийг хамгийн сүүлд буюу 2019 онд Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очирын гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүний үр өгөөж судалгаа харуулаад байгаа юм. Тэгвэл УИХ-ын намрын чуулганаар Х.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг цар тахлын нөлөөгөөр хямраад байгаа эдийн засгаа сэргээхийн тулд өргөн барьсан хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулиар гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол улсад 100 мянган америк доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэж заасныг 50 мянган америк доллар болгон бууруулахаар тусгасан. Мөн тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж ажлын хэсэг үзээд байгаа.
Харин уг хуулийн төслийг УИХ-ийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа зэрэг гишүүд дэмжихгүй байгаа юм. Мөн ажлын хэсэгт багтаж гарын үсгээ зурж хуулийн төслийг өргөн барилцсан П.Анужин, Д.Өнөрболор зэрэг гишүүд хуулийн өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж 10-р сарын 12-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн төсөл татан авах тухай хүсэлтээ хүргүүлсэн байна. Уг хуулийн өөрчлөлтөд олон нийт ч мөн 2 талцсан байр суурьтай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг зөвхөн уул уурхай, олборлох салбар дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл уул уурхайгаас бусад салбаруудад жигд хүртээмжтэй, өгөөжтэй хөрөнгө оруулалт татахад хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл үнэмшлийг сайжруулах, үүний тулд мөнгөө залилуулсан гадаадын хөрөнгө оруулагчдын асуудлыг хууль хяналтын байгууллага шударгаар шийдвэрлэх зэрэг нь нааштай үр дүн авч ирнэ гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.