БНХАУ-д эрчим хүчний хямрал үргэлжилсээр байна

БНХАУ-д эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаатай холбогдуулан цахилгааны үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг тус улсын засгийн газраас  гаргажээ. Уг шийдвэр нь  эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаагийн зэрэгцээ инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид  үзэж байна.

БНХАУ-ын төрийн зөвлөлөөс энэ сарын 10-нд мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний үнийг жишиг үзүүлэлттэй харьцуулахад 20 хувиар өсгөснөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдэд  ашигтай бол хэрэглэгчдийн  хэрэглээг  хязгаарлах юм. Хятадын эрчим хүч үйлдвэрлэгч компанийн ахлах эдийн засагч Лу Тиний мэдээлснээр цахилгааны үнэ нэмэгдсэнээр хэрэглээний үнийн индексэд  үзүүлэх нөлөөлөл 0.4 орчим хувь байх магадлалтай гэж урьдчилан тооцоолсон байна. Тэгвэл  санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг "Созайт Холдинг" компанийн  томоохон эдийн засагч Мишель Лам эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр хэрэглээний үнийн индекс 1  хувиар өснө гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний зарцуулалт их шаарддаг үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаатай холбогдуулан үйлдвэрлэгчдийн үнийн индекст үзүүлэх нөлөө илүү өндөр байж магадгүй байна. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэнэ гэдгийг ч санхүүгийн мэргэжилтнүүд мэдэгдсээр байна. БНХАУ-д хэрэглэгчдийн эрэлт буурч, засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хязгаарлалт хийснээс гадна цахилгаан эрчим хүчний хомсдол үүсэж байгаатай холбогдуулан инфляцийн төлөв байдал огцом муудсан байна. Түүнчлэн түүхий эдийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин энэ оны есдүгээр сард 10  хувиар өссөн байх магадлалтай гэж мягмар гарагт танилцуулсан “Bloomberg” агентлагийн эдийн засагчдын хийсэн судалгаанд дурджээ. Мөн хөдөө аж ахуйн бус бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг 10 орчим хувиар нэмэгдүүлнэ гэдгийг тус улсын засгийн газар мэдэгдсэн байна.