Курилийн өмнөд хэсгийн арлуудыг Японы нутаг гэж мэдэгджээ

Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио парламентад болсон нэмэлт хэлэлцүүлгийн үеэр тус улсын тусгаар тогтнол Өмнөд Курилийн арлууд хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ. Курилийн өмнөд хэсгийн арлуудтай холбоотой газар нутгийн маргааныг хойч үедээ үлдээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. 

Үүний зэрэгцээ тэрээр Японы Засгийн газар “Газар нутгийн харьяаллын асуудлыг шийдвэрлэж, ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахаар  болсон ” гэдгийг онцолжээ. Японы Ерөнхий сайд 10 дугаар сарын 9-нд парламентад үг хэлэхдээ, газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсэн юм. Курилийн арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахад саад тотгор болсоор байгаа юм. ОХУ, Японы удирдагчид 2018 оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа, 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэрэгжиж байгаа Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон. Гэвч 2 улсын эрх баригчид харилцан зөвшилцөлд хүрэлгүй өнөөдрийг  хүржээ. Үүнтэй холбоотойгоор Японы шинэ ерөнхий сайдын мэдэгдэл олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээр татаад байна