Засгийн газарт хоёр яам нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ

Энэ оны 1-р сарын 27-нд Монгол улсын 32 дахь ерөнхий сайдаар Л.Оюун-эрдэнийг томилж, шинэ томилогдсон ерөнхий сайд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу танхимаа бүрдүүлсэн. Түүний бүрдүүлсэн засгийн газар одоогоор 14 яамтай ч ирэх онд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эхний суурь алхмууд тавигдсан. Үүнд, ҮХОНӨ-өөр хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж тусгасан. Энэ ч үүднээс салбарын яамыг Эдийн засгийн хөгжлийн яам нэртэйгээр байгуулахаар болжээ. Өмнө Ардчилсан нам 2012-2016 онд засаг барьж байх үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан ч Монгол ардын нам засаглах үедээ татан буулгасан түүх ч байдаг.

Цахим үндэстэн болох том зорилго тээж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ ч үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар төлөвлөсөн байна. Улмаар 2021 оны 10-р сарын 13-ны засгийн газрын хуралдаанаар Монгол улсын засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өргөн барьжээ. Хоёр яам байгуулж, үйл ажиллагаа явуулахад ирэх оны төсвийн төсөлд 6 тэрбум гаруй төгрөгийг тусгасан. Албан бус мэдээллээр Засгийн газрын тохируулах агентлаг болох Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгон өөрчилнө гэсэн мэдээлэл байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн шийдвэрлэнэ. Харин засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах бүрэн эрх ерөнхий сайдад бий.