ҮАГ: 2022 оны төсвийн төсөлд орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулан, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай 

УИХ энэ намрын чуулганаар 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ирэх оны төсвийн тухай хуулийг 11-р сарын 15-наас өмнө батлана. Ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн нийт орлогыг 16 их наяд, зарлагыг 18.1 их наяд байна гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсвийн орлого, зарлага тус бүр 3 их наядаар нэмэгдсэн байгаа юм. Төсвийн орлогыг нүүрсний экспортыг 2 дахин нэмэгдүүлэх, татварын орлогыг 30 хувиар нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудаас орох орлогыг гурав дахин өсгөх зэргээр бүрдүүлнэ гэж төлөвлөөд байна. Гэвч эдийн засагчид 2022 оны төсвийн төслийг хэт өөдрөг төсөөлөлтэй байна гэдэгт ихэнхдээ санал нийлж байна. Тэдний зарим нь төсвийн орлого, зарлагыг жил бүр нэмж, хийж хэрэгжүүлэх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлэхгүй төсвийг үрэлгэн зарцуулж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь олон жил алдагдсан төсвийн алдагдлыг нөхөх зөв агуулгатай төсөл болсон гэж үзэж байна. 

Төсвийн зарцуулалтын тухайд УИХ-ын гишүүн бүрд тойрогтоо зарцуулах 4 тэрбум төгрөгийг хуваарилсан. Дэд бүтцийн чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалтуудыг 4-5 дахин нэмсэн байна.  Өөр нэг томоохон зарцуулалт нь Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамдыг шинээр байгуулахад 6 тэрбум гаруй төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна. Тэгвэл эдийн зарим эдийн засагчид ирэх оны төсвийн төсөлд багагүй шүүмжлэлтэй хандаж байна. Харин зарим эдийн засагчид төсвөөр дамжуулан дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг бий болгохыг зорьсон  зөв агуулгатай төсөл болсон гэж үзжээ.

Эдийн засагчид харилцан адилгүй байр суурьтай байгаа ч төсвийн хэрэгжилтэнд анхаарах нь чухал гэдгийг хэлж байлаа. Тэгвэл Үндэсний аудитын газар  2022 оны төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийснээ УИХ-д хүргүүлсэн байна.