19 жилийн өмнө цэргээс халагдаж ирээд айлын хашаанд модон эдлэл хийж ажлын гараагаа эхэлсэн Л.Нямсамбуу өнөөдөр хашаандаа жижиг үйлдвэртэй, өөрөөсөө гадна 2-3 хүнийг цалинжуулан ажиллаж байна. Аав нь мужаан байсан учраас багаасаа хөрөө, харуултай ойр өссөн түүнд тухайн үед хамгийн сайн хийж чаддаг бөгөөд дуртай ажил нь модон эдлэл хийх байсан байна. Тэрбээр хийж байгаа ажил нь бусдад хүнд хэцүү харагдаж болох ч өөрөө ажилдаа дуртай, тууштай хөдөлмөрлөхөд үр дүнгээ заавал амсдаг гэдгийг залууст хандан захижээ.
Тэрээр эхэндээ модон авдар, бурхны гуу, цар зэргийг гараар сийлбэрлэн үйлдвэрлэж байгаад бага багаар үйлдвэрлэлээ өргөжүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Авдар нь айлд буян тогтоож, эд баялаг дууддаг гэж Монголчууд үздэг учраас авдар түлхүү үйлдвэрлэдэг гэнэ. Сүүлийн үед залуу гэр бүлүүд орчин үеийн тавилгаар гэрээ тохижуулж байгаа ч өв, уламжлалаа битгий алдаасай гэж тэрбээр хүсдэг учраас Монгол хийцтэй авдар хийж үндэснийхээ уламжлал соёлд хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм.
Тэрбээр төр засгаас хэрэгжүүлдэг аливаа дэмжлэг тусламжид хамрагдаж үзээгүй, банкнаас зээл авч үйлдвэрлэлдээ хэрэглэж байжээ. Түүнд өөрийн хөдөлмөрөөр босгосон амьдрал нь үнэ цэнтэй, учраас зээл авч, дэмжлэгт хамрагдаж үзээгүй гэж гомдолмооргүй байна гэж ярьж байсан юм.