Улсын хэмжээнд 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээс одоогоор 17 ААН 3100 тонн мах нөөцөлжээ

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас тогтмол мах бэлтгэх боломжгүй бөгөөд өвөл, хавар хүнсэнд хэрэглэх махаа намар нь нөөцөлдөг. Тэгвэл энэ онд улсын хэмжээнд 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээс одоогоор 17 аж ахуйн нэгж 3100 тонн мах бэлтгээд  байна. Ирэх сарын 15 гэхэд нөөцийн махны 60-аас доошгүй хувийг бэлдэнэ гэж салбарын яамнаас мэдээллээ. Нөөцийн махыг шим тэжээлийг алдуулахгүй нөөцлөх нь чухал учраас эрүүл ахуй, ариутгал, гүн хөргөлтийн агуулахын зэрэг технологиудыг хангасан 17 ААН нийслэлд мах нийлүүлэхээр болжээ. Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөнд махны нөөц  бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөг баталсны дагуу дээрх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Аймгийн төв, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Манай улс өнгөрсөн онд мөн адил 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэж байжээ.