АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден: Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдлыг арилгахаар ажиллаж байна 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч 7 хоногт хийсэн мэдэгдэлдээ тус улсад үүсээд байгаа бараа бүтээгдэхүүний тасалдлыг арилгах зорилгоор Лос Анжелес хотын боомтуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг 90 хоногийн турш 24 цагаар явуулах болсон талаараа онцолжээ. Дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээний хямралд “Ковид-19”-ийн халдвар ихээхэн нөлөөлж байгаа. Үүнтэй зэрэгцэн тээвэр зуучийн салбарт хэдэн арван жилийн турш бугшиж байгаа чухал асуудлууд ил болоод байна.

АНУ болон дэлхийн улс орнуудын эдийн засагт бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудал нүүрлээд байгааг мэргэжилтнүүд мэдэгдээд байсан. “Ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр ачаа тээврийн байгууллагуудын дагаж мөрдөх ёстой дүрэм журам өөрчлөгдөж байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэлээс хэрэглэгчийн гарт очих хүртэлх бараа материалын тээвэрлэлтийн асуудалд хүндрэл учруулж байна гэж Ану-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Мөн нийлүүлэлтээс шалтгаалсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд нийлүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллахаас гадна “Вол-Март”, “Костко” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд шөнийн цагаар хийх түгээлтийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх чиглэлийг өгчээ. Түүнчлэн Холбооны засгийн газар дангаараа хийж чадах зүйл маш бага. Энэ салбарыг ерөнхийд нь ачаа тээврийн компаниуд, агуулахууд, боомтын операторууд, төмөр зам гэх мэт хувийн аж ахуйн нэгж, бизнесүүд хянадаг. Тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол бараа ханган нийлүүлэх сүлжээ нь асар том хэмжээтэй, хилийн чанадаас ирж байгаа бараа материалын хяналтын бүтэц дан ганц улсын мэдлээс хэтэрсэн зүйл гэдгийг мөн онцолсон байна. Дюкийн их сургуулиас энэ намрын эхээр явуулсан санал асуулгад оролцсон ихэнх санхүүгийн албаны удирдлагууд барааны ханган  нийлүүлэлттэй холбоотой асуудлууд ирэх он дамнан үргэлжлэх болно гэж үзжээ. Харин тэдний ердөө 10 хувь нь эдгээр асуудал бэрхшээлүүд энэ ондоо багтаж арилна гэж тооцож байгаа юм.  

Уг хомсдол, усан тээврийн асуудлууд нь бараа материалын үнийг маш хурдан өсгөхөд нөлөөлжээ. Есдүгээр сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий дахинд 5.4 хувиар өссөн нь 2008 оноос хойших 12 сарын доторх хамгийн хурдан өсөлт болсон. Мөн шинэ машины үнэ 1980 оноос хойш хамгийн өндөр хурдаар өссөн гэдгийг “Блүүмберг” агентлаг мэдээлжээ.