Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хэвийн буюу 20-42 хоногийн нөөцтэй байна

Манай улс энэ оны эхний 9 сарын байдлаар 36.3 мянган тонн цагаан будаа, 52.2 мянган тонн элсэн чихэр, 19.6 мянган тонн ургамлын тос импортолсон. Одоогоор нийслэл, орон нутгийн зах, төв, дэлгүүр, импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй, хэвийн байна. Харин 60.9 мянган тонн хүнсний ногоо, 25.2 мянган тонн жимс, самар импортолсон. Гэхдээ “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасантай холбоотойгоор нарийн ногооны тасалдал үүсэж болзошгүй байгаа юм байна.

Эрээний талд саатаад байгаа хурдан муудах эрсдэлтэй бүтээгдэхүүний судалгаа гаргах, татан авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор  Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан байна. Авто тээврээр нэвтрүүлэх Замын-Үүд-Эрээний боомтыг хаасан. Харин вагон хэвийн байгаа ч БНХАУ дахь вагоны хүрэлцээний асуудлын улмаас Эрээнд саатсан бараа, бүтээгдэхүүнүүдийг хилээр оруулж ирэх боломжгүй байгаа юм байна.