МСҮТ-ийн суралцагчдад  олгодог тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж,  төгсөхөд нь олгодог болно

МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор 2022 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм. 

Улсын хэмжээнд 75 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв политехник коллеж мэргэжилтэн бэлтгэдэг. Эдгээрт  2020-2021 хичээлийн жилд нийтдээ 42 мянга гаруй иргэн суралцаж байна. Эдгээр суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл уг тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагчид төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Ингэснээр:

  • 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
  • 17 настай элссэн бол 2.5 сая
  • 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргасан байна.

Төсөв эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа ч оюутнуудын зүгээс хувийн хэрэгцээгээ тэтгэлгээрээ авдаг тул сар бүр олгох нь зөв шийдэл гэлээ. Түүнчлэн ирэх оноос мэргэжлийн боловсролын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийг БШУ-ны сайдын багцад шилжүүлэхээр болсон.