Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 2022 оны 10-р сард ашиглалтад оруулна

Засгийн газраас Улаанбаатар- Дархан чиглэлийн 204 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2019 он гэхэд дуусгаж, ашиглалтад оруулна амлаж байсан ч бүтээн байгуулалтын ажил сунжирсаар байна. Одоогоор 137 км авто замыг ашиглалтад оруулсан бол 60 гаруй км авто замын бүтээн байгуулалтын ажил дөнгөж 20  хүрэхгүй хувьтай, хангалтгүй үргэлжилж байна. Хэдэн жил дамнасан авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд дуусгаж, 10-р сард ашиглалтад оруулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар Улаан-Баатар-Дархан чиглэлийн авто замын ажил нийт 5 багц замын ажлын хэрэгжилт 70.5 хувьтай үргэлжилсэн хэвээр л байна.  Тодруулбал:

  • Багц 1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх 37.26км авто замын ажлын гүйцэтгэл - 95%
  • Багц 2 буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км авто замын ажлын гүйцэтгэл - 18.5%
  • Багц 3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл - 97%.
  • Багц 4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажлын гүйцэтгэл – 7.5%
  • Багц 5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл - 99%-тай явагдаж байна.

2 болон 4-р багц авто замуудын ажлыг одоог хүртэл дуусаагүй шалтгааныг цаг агаар, хөл хорио, гүйцэтгэгч компаниудын ажлын хариуцлага алдсантай холбоотой байсан гэлээ. Гүйцэтгэл дутуу буюу 2 болон 4-р багц замын гүйцэтгэгч компаниуд солигдож “Арж Капитал”, “Чайка”, “Жео Инженеринг” корпорац шалгарч барилгын ажлыг энэ оны 9-р сараас эхлүүлжээ. Замын үндсэн ажил болох гүүр, хоолой, далан, суурын хучилтуудын ажлыг  ирэх оны 10-р сарын 30-наас өмнө дуусгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхээр төлөвлөжээ.