Эрээн хотод “ковид 19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээр энэ сарын 14-нд тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад байгаа. Хил хаасан өдрөөс эхлэн манай улсад нарийн ногооны эрэлт ихсэж үнэ нь ч өссөн. Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүд дээр Хятадаас импортолсон нарийн ногоо бүрэн дууссан байдалтай байна. Харин дотоодын хүлэмжид ургасан өргөст хэмхийг 18-20 мянган төгрөгөөр, улаан лоолийг 14 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь ердийн үеийнхээс 2 дахин, их ургацын үеийнхээс 5-6 дахин нэмэгдсэн үнэ юм.
Нарийн ногоо худалдаачид барс захаас Монгол нарийн ногоо олдох нь ч ховор болсон гэлээ. Зайлшгүй хэрэгцээ гарсан буюу тэмдэглэлт баяр, буяны ажил гарсан хүмүүс л өндөр үнээр нарийн ногоо авч байна гэсэн юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани байгаа ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гарын 5 хуруунд багтах ААН байна гэж салбарынхан хэлж байна. 2019 онд хятадын төрийн Тяньжин фүүдс компани манай улсад 50 га газарт хүлэмжийн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байсан. Харин тэр үед зарим улс төрчид, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд эсэргүүцэж болиулсан. Хэрэв бид тухайн үед Хятадын хүлэмжийн төслийг дэмжээд, технологиос нь суралцаад явсан бол өнөөдөр Эрээний хилээс хараат бус байх боломжтой байсан гэх олон нийт байгаа бөгөөд МҮХАҮТ- ч мөн тийм байр суурьтай байна.
2 жилийн өмнө биднийг дампууруулах гэлээ хэмээн Хятадын хүлэмжийн төслийг эсэргүүцэж үндэсний хөдөлгөөн байгуулах хэмжээнд хүрч байсан дотоодын компаниудын төлөөлөл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд дараах хариултыг өгч байна.
Гаднын хүлэмжийн төсөл хэрэгжүүлэх, дотоодын ААН-үүдээ дэмжих аль нь ч байсан нарийн ногоог импортоор биш, дотроосоо нийлүүлэх эцсийн зорилготой энэ асуудалд яаралтай шийдвэр гаргахыг үнэтэй ногоо худалдан авахад хүрч эрх ашиг нь хөндөгдөөд байгаа иргэд олон нийт шаардаж байна.