Салбарынхны тооцооллоор Монгол улс жилд 50-150 тонн мах экспортлох боломжтой ч ердөө 30 тонн мах экспортолдог

Манай улс 2000-2020 онд жилд үйлдвэрлэсэн махныхаа ердөө 5.2%-ийг буюу дунджаар 30 тонн мах экспортолсон байна. Экспортын 90 хувийг БНХАУ руу хийдэг бол үлдсэн хувийг Иран, Казахстан, ОХУ-руу экспортолж байна. Салбарынхны тооцооллоор Монгол улс жилд 50-150 тонн мах экспортлох боломжтой ч энэ хэмжээнд экспортолж чадахгүй байгаа юм. Уул нь Ази тивийн махны хэрэглээний 35 хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын хөрш орон гэдэг нь бидний давуу тал ч гэлээ үүнийгээ ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. 

Энэтхэг, Хонгконг, Пакистан улсууд Ази тивийн махны экспорт, тэр дундаа үхрийн махны экспортыг хангаж байна. Гэтэл манай улс 2017 онд 0.6 тонн, 2018 онд 1.1 тонн үхрийн мах экспортолсон. Өнгөрсөн 2 жилд үхрийн мах экспортлоогүй байна. 67 сая малтай Монгол улс махаа тогтмол экспортолдог болчихвол малчид, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх замаар эдийн засаг сайжирна. Жишээлбэл, нэг кг хурганы мах БНХАУ-д 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Ашиглаж чадвал манай улсад боломж их байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна. 

Тэгвэл ирэх оны төсөвт 24 тэрбумыг малын эрүүл мэндэд зарцуулж, махны экспортыг нэмэгдүүлнэ гэж салбарын сайд хэллээ. Төр засгийн өөдрөг төсөөлөл, сайхан амлалтууд хэрэгжээгүй үлдсэн олон жишээ манай улсад байдаг. Үүний нэг жишээ 2017 онд малын халдварт өвчингүй бүс байгуулах шийдвэр засгийн газар гаргаж байсан ч 4 жилийн дараа энэ ажил мөн л яригдах шатанд явж байгаа юм.