Даатгуулагч нас барвал түүний тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлдэг болно 

Анх  1994 онд баталж, өнгөрсөн хугацаанд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нийгмийн даатгалын тухай хуулиа шинэчлэн найруулж, УИХ-ын энэ намрын чуулганаар багц хуулийг хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр олон чухал өөрчлөлт хийхээр тусгажээ. Үүнтэй холбоотой  тоон мэдээллийг хүргэе.

  • 2020 оны жилийн эцсийн үзүүлэлтээр нийт 332.9 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна.
  • Өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 435.4 мянган төгрөг байгаа бол нийт  тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авдаг юм байна.
  • 2018 онд батлагдсанаас хойш одоо мөрдөгдөж байгаа хуулиар эрэгтэй даатгуулагч 2037 онд, эмэгтэй даатгуулагч 2057 онд 65 насанд тэтгэвэр тогтоолгохоор тусгасан. Тэгвэл үүнийг хуулийн өөрчлөлтөөр, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч өөрөө хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулалт хийхээр болжээ.

Мөн тухайн даатгуулагч нас барвал түүний тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлэх заалтыг мөн оруулсан байна.

Иргэд тэтгэврийн насандаа хүрэхээсээ өмнө нас эцэслэх эсвэл иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч цалин орлого авч байсан хэмжээнийхээ гуравны нэгийг тэтгэвэрт авах асуудалтай нүүр тулдаг. Тэр тусмаа 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тэтгэврийн нас 2037 онд эрэгтэй даатгуулагч 65 насандаа, эмэгтэй даатгуулагч 2057 онд тэтгэвэр тогтоолгож байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг ч дагуулдаг асуудал юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгоно гэж заасан байна. Түүнчлэн шинэчлэн найруулж байгаа Нийгмийн даатгалын багц хуульд хувийн нэмэлт тэтгэврийн асуудлыг оруулж ирсэн. Ингэхдээ хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй хүн хувийн тэтгэврийн хуримтлалтай юм байна.