Импортоос хамааралтай манай улс Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдахад л сөрөг нөлөө нь жин дарж байна. Хэдийгээр төмөр замын тээвэр асуудалгүй ч авто тээврийн боомтын үйл ажиллагааг зогсоосны улмаас одоогоор Эрээний боомтод эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 12 чингэлэг саатжээ. Тиймээс засгийн газрын агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас саатсан чингэлэг, ачаануудыг эрэмбэлж яаралтай оруулж ирэх ачааг онгоц болон төмөр замаар тээвэрлэхээр судалж эхэлсэн байна .
Зөвхөн Эрээний авто тээврийн боомт хаагдсан гэлтгүйгээр цар тахлын улмаас бүх төрлийн импорт өнгөрсөн хугацаанд саатаад байгаа. Тодруулбал, Тяньжинь боомтод эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 8 чингэлэг, Инчонд тариур, эмнэлгийн хэрэгсэл бүхий 2 чингэлэг, Энэтхэгт 2, бусад улсад 2-3, Эрээний Боомтод 12 чингэлэг саатжээ. Тиймээс шаардлагатай ачааг эрэмбэлж, онгоцоор болон төмөр замаар яаралтай хил нэвтрүүлэх судалгааг холбогдох байгууллагаас хийж байна.
Өнөөдрийн Байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дотоодод хэвийн байгаа ч дуслын шингэний уут 10-15 хоногийн нөөцтэй байна. Энэ уут нь Эрээний боомтоор дамжин ирэх учраас Эрээний боомтыг хязгаарлах хугацааг дахин сунгавал нөөцөд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна. Өмнө нь нэг чингэлэг ачааг 7 сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол цар тахлын улмаас хил гаалийн асуудалтай холбоотойгоор 40 тоннын 1 чингэлэг ачаа нэвтрүүлэх төлбөр 35-40 сая төгрөг болсон байна.