Эрээн хотод “Ковид-19”-өөр халдварласан Монгол иргэн байхгүй

Энэ сарын 13-нд БНХАУ-ын Эрээн хотод “Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдэж 14-ний өдрөөс нь тус хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, оршин суугчдыг ПСР шинжилгээнд хамруулж эхэлсэн. Одоогоор цар тахлын 15 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Эрээн хотод манай улсаас 110 гаруй иргэн оршин суудаг бөгөөд тэдгээрээс одоогоор халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байна.

Тус хотын албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, хүнсний дэлгүүрүүд бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний бүтээгдэхүүнийг гэрт хүргэж, хотын оршин суугчид гэрээсээ гарахгүй хөл хорионд ороод байгаа. Эрээн хотод эрсдэлийн бүсээс хамаарч 2, 3 дахь удаагийн ПСР шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Одоогийн байдлаар Эрээн хотод оршин сууж байгаа Монгол иргэдээс “Ковид-19”-ийн халдвараар өвдсөн иргэн байхгүй гэж Монгол улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.