Манай улс “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины нэмэлт тун буюу 3-р тунг хийж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч иргэдийн идэвх туйлын хангалтгүй байна. Зарим иргэдийн хувьд 3-р тунгийн үр дүнд эргэлзэж байгаагаа ч илэрхийлж байгаа. Тэгвэл эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины 3-р тун цар тахлын шалтгаант нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногийн дотор эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2.254.570 иргэн хамрагдсан бол дархлаажуулалтын 2-р тунд 65.7 хувь буюу 2.137.780 иргэн хамрагдаад байна. Харин бүрэн тун буюу хоёр тунд хамрагдсан иргэдийн 20 орчим хувь буюу 384.776 иргэн дархлаа сэргээх нэмэлт тун болох 3-р тунг хийлгэсэн үзүүлэлттэй байна. Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан эдгээр иргэдийн ердөө 0.5-1 хувь нь “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн гэж ЭМЯ-аас мэдэгдэж байна.
Улсын хэмжээнд 9-р сарын 13-аас эхлэн “Ковид-19”-ийн халдварын эсрэг иргэдийн дархлааны түвшнийг нэмэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор дархлаажуулалтын нэмэлт тун буюу 3-р тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Тэгвэл бүүстэр тун хийлгэсэн иргэдийн 99 орчим хувь нь “Ковид-19”-ийн халдвараар өвдөөгүй юм байна.
Тэгвэл зарим иргэдийн зүгээс дархлаажуулалтын нэмэлт тунг хийлгэх нь халдвар тусах эрсдэлээс хамгаалахад эргэлзэж байгаа бол зарим нь халдварын тархалтыг бууруулахын тулд нэмэлт тундаа хамрагдах нь зүйтэй хэмээн хэлж байлаа.
Тэгвэл бид дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх нь ямар ач холбогдолтой талаар тодрууллаа. Сүүлийн өдрүүдэд “Ковид-19”-ийн халдварын өдөрт бүртгэгдэх тоо буурахгүй, нөхцөл байдал хүндэрч нас баралт нэмэгдэж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагуудаас уриалаад байгаа юм.