Өнгөрсөн оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл дэлхийн улс орнуудад нүүрлэсэн “Ковид-19”-ийн халдварын улмаас олон улсын тээвэр зуучийн салбарт хямрал нүүрлээд байгаа. Уг салбарт үүсээд байгаа хямралтай зэрэгцэн дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлсэн нь хүнс, бараа материал болон эрчим хүчний хомстол үүсэхэд хүргэж байна гэж эдийн засагчид мэдэгджээ.
Олон улс дахь хүнсний болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс орнуудад “Ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрүүд хаалгаа барьж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ тоог багасгажээ. Удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм зэргээс шалтгаалж тээвэр зуучийн томоохон компаниуд тээвэрлэлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулж тоогоо багасгаснаар усан болон агаарын тээврийн нийлүүлэлт 1990 оны үетэй ижил төвшинд хүрсэн гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Тэгвэл цар тахлын 4 дахь давлагаа эхлэхтэй зэрэгцэн дэлхийн улс орнууд өвлийн бэлтгэлээ хангаж эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Тэгвэл европ тивийн хэрэглээний эрчим хүчний 50-аас дээш хувийг нийлүүлдэг ОХУ-ын компаниуд дотоодын нийлүүлэлтдээ анхаарал хандуулж газрын тос болон байгалийн хийн экспортдоо хязгаарлалт тогтоосон гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Мөн нүүрсний цахилгаан станцыг хэрэглээнээс хасах тунхаг бичигт европын улс орнууд нэгдсэнээр зөвхөн байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах ёстой болсон. Гэвч “Ковид-19”-ийн халдварын үед Европ тивийн улс орнууд хангалттай хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж чадаагүйгээс гадна газрын тос, байгалийн хийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч бүх төрлийн нөөц Европ тивд дууссан гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Азийн бүсэд БНХАУ-ын уул уурхайн ашигтай байршилд байгалийн гамшиг нүүрлэж дотоодын эрчим хүчний сүлжээ тасалдаж эхэлсэн бөгөөд Австрали, Монгол, Индонез зэрэг улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ тээвэрлэлтийн үйл явцыг хатуу чанад хянаж шалгана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд намар, өвлийн улиралд зарим бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлагдаж болзошгүйг анхааруулах болжээ. Мөн дэлхийн улс орнуудын засгийн газраас аж ахуйн нэгж компаниудын ажилтнуудыг вакцинд хамрагдаагүй тохиолдолд түр чөлөөлөх шийдвэрийг гаргаж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй байна.