Манай улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь “Ковид-19”-ийн халдвараар өвчилж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах нөхцөл бүрдсэн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын ерөнхий газар 2020 онтой харьцуулахад 70 мянга гаруй илүү эмнэлгийн хуудас тараажээ. Тэгвэл сүүлийн 3 сарын хугацаанд нийгмийн даатгал төлсөн даатгуулагч цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж буюу иргэдийн нэрлэж заншсан “листний мөнгө” авах эрхтэй юм байна.
Даатгуулагч иргэн амбулаториор буюу эмнэлэгт хэвтэхгүйгээр 14 хоногийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж буюу листний мөнгө авах эрх үүснэ. Харин хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлсэн хоногийн тоогоор мөнгөн тэтгэмжийг хуулийн дагуу тооцуулан авна. Тэгвэл иргэдийн дунд жилд хэдэн удаа нөхөн олговор авах боломжтой талаар мэдээлэл хомс байгаа юм.
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж буюу листний мөнгийг сүүлийн 3 сарын дундаж цалингийн 50-75 хувиар бодож олгох хуультай юм байна. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн сангаас иргэдэд жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэ оны 9-р сарын байдлаар гэхэд 16,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.