Цахим орчинд харилцаа тогтоосон хүнийхээ итгэлийг олж авах байдлаар залилж байгаа хэрэг ихэсжээ. ЦЕГ-ын мэдээлснээр энэ онд гарсан залилангийн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 41,6 хувиар өсжээ. Эдгээр залилах гэмт хэргийн 50 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
Ингэхдээ ихэвчлэн иргэдийн фэйсбүүк, и-мэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө залилах, зээл олгох байдлаар иргэдийг залилах, иргэдийн и-мэйл хаягт банкнаас холбогдож байна гэж банкнуудын нэрийг барьсан мэйл бичиж, мэдээллийг нь авах байдлаар мөнгө залилж байгаа тохиолдол бүртгэгджээ. Мөн цахим шуудангийн луйвар буюу манай улсын гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүдэд харилцагч талаас ирсэн цахим шуудан, төлбөрийн дансыг өөрчилж, өөр данс руу төлбөр шилжүүлэх байдлаар луйвардаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, Сонгинохайрхан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилсан байна.
Залилах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах гэсэн хэсэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр, 14.000 нэгж буюу 14 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.