Цар тахал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн талаарх бодит судалгааг Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкнаас хамтран хийсэн байна. “Ковид-19”-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г Улаанбаатар хот, аймгийн төв, сумын төв, хөдөөг төлөөлөх чадвартай 1046 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцжээ.
Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 30 хувийнх нь орлого цар тахлын өмнөх түвшинтэй харьцуулахад буурсан байна. Харамсалтай нь орлого бууралтын түвшин бага биш байгаа нь тогтоогджээ. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өрхийн орлого нь буурсан өрхүүдийн 39 хувь нь орлогынхоо 20-40 хувийг алдсан бол 50 хувь нь 40-өөс дээш хувийг алдсан гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан өрхүүдийн 70-аас дээш хувь нь орлого буурснаас шалтгаалж санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. Түүнчлэн хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлтөөс шалтгаалж судалгаанд хамрагдсан өрхүүдийн 99 хувь нь санхүүгийн бэрхшээлд өртөөд байгаа гэх судалгааны үр дүн гарчээ.
Судалгаанд хамрагдсан өрхийн 37 хувь нь цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ч одоо ажилгүй болжээ. Ажилгүй болсон иргэдийн 25 хувь нь ковидоос шалтгаалсан хязгаарлалт, өвчлөл, хөл хориотой холбоотой юм байна. Мөн тэтгэвэрт гарсан болон гэртээ хүүхдээ асрах шаардлагаас болж ажил эрхлэхээ больсон хүмүүс байна. Салбараар нь авч үзвэл санхүү, боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг үйлчилгээний салбарууд дахь хөдөлмөр эрхлэлт буурсан, харин тээвэр, төрийн захиргаа зэрэг салбаруудад өөрчлөлт бага байна гэсэн тооцоо гарсан байна. Энэ мэтчилэн хөл хорионоос үүдэн ажлын байр хумигдаж, сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас шалтгаалж иргэд мөнгөний хямралд орсныг энэ судалгаа харуулж байна. Үүнээс үүдэж олон төрлийн санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа юм.
Цаашдаа цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал хэвийн болох хүртэл нэг талаас өрх бүр хуримтлал хадгаламжтай байх нөгөө талаас төрөөс ажлын байр нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэйг эдийн засагч онцоллоо.