Эрчим хүчний ноцтой хямралд өртөөд байгаа БНХАУ хөрш орнуудаасаа нийлүүлж байгаа эрчим хүчний импортоо нэмэгдүүлсэн гэж тус улсын Гаалийн хяналтын газраас мэдээлжээ. Хятад улс өнгөрсөн сард дотоодын эрчим хүчний нийлүүлэлтээ БНАСАУ, ОХУ, болон Мьянмар зэрэг улсаас хангасан байна.
БНХАУ-ын тал Умард Солонгосоос эрчим хүч худалдаж авахад зориулж энэ оны эхний гурван улиралд 12 сая ам.доллар, харин зөвхөн 9-р сард 2 сая ам.долларыг зарцуулжээ. Тэгвэл ОХУ энэ оны эхний гурван улирлын байдлаар 115 сая ам.долларын эрчим хүчний нийлүүлэлтийг Хятад улсад хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 8 хувиар нэмэгдсэн гэдгийг судлаачид мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний компани “Интер Рао” мэдэгдэлдээ 2021 оны сүүлийн улиралд Хятадын талд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх болсноо зарлажээ. Энэ ажлын хүрээнд Орос-Хятадыг холбодог гурван шугамаар цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ мэдэгджээ. Эдгээр шугамууд нь жилд 7 тэрбум киловатт эрчим хүч дамжуулах багтаамжтай байна. Хөрш Мьянмар улсаас авах эрчим хүчийг харин баруун өмнөд Хятадын Юннань мужид нийлүүлсэн байна. Өнгөрсөн гурван улиралд Мьянмараас авах эрчим хүчийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар нэмэгдүүлжээ.