ОХУ-д нэг өдөрт бүртгэгдсэн “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

ОХУ-д нэг өдөрт илрэх халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн хоногт тус улсад 37 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. ОХУ-ын бүс нутгуудын дунд халдварын тохиолдлын тоогоор Москвагийн бүс тэргүүлж байна. Нийслэл Москвад нэг өдөрт 7778, Москва мужид 3127 шинэ тохиолдол илэрчээ. Гуравдугаарт, Санкт-Петербург хот орж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 2693 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад шинжилгээгээр батлагдсан халдварын нийт тоо 8 саяд хүрчээ.“Ковид-19”-ийн халдвартай тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт халдварын улмаас нас барсан хүний тоо 1072-оор нэмэгдэж, 230 мянга давсан байна. Нэг өдөрт бүртгэгдсэн нас баралт долоон өдөр дараалан нэг мянгаас давсан байна. Тус улсад “Ковид-19”-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж байгаа юм. Бүс нутгууд өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжиж, тусгай бар код ашиглан иргэдийн хөдөлгөөнийг хянах системийг нэвтрүүлж эхэлжээ.