Манай улсад сүүлийн жилүүдэд нийгмийн эрэлт хэрэгцээнээс үүдэж гоо сайхны мэс засал, үйлчилгээ үзүүлэгч эмнэлэг, салон олноор байгуулагдаж байна. Гоо сайхны салбар ийнхүү хөгжиж байгаа нь сайшаалтай ч үүнтэй зэрэгцэн олон хүн хохирогч болж цаашлаад амиа алдах тохиолдол ч гарсаар байна. Хэрэв үйлчлүүлэгч гоо сайхнаараа хохирсон бол нотлох баримтуудаа бүрдүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах, мөнгө санхүүгийн хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байдаг байна
Нүүрэнд өөх суулгуулах мэс засал хийлгээд хохирсон нэгэн иргэн өөрт учирсан гоо сайхан, мөнгө санхүү болон сэтгэл санааны хохирлыг бидэнтэй хуваалцлаа. Түүний нүүрэнд өөх суулгасан эмч Монголдоо хамрын мэс заслаар мэргэшсэн гэж тооцогддог ч өөх суулгах мэс заслын туршлагагүй, зориулалтын багажгүйгээр өөх суулгажээ. Хохирогч үүнийг мэс заслын дараа мэдсэн байна.
Энэ төрлийн хэрэг зөрчилд хуулиараа хариуцлага алдсан эмчид эрүүгийн хэрэг үүсдэг бол эмч иргэний хоорондын гэрээний харилцаанд иргэний хэрэг үүсгэн хариуцлага тооцдог юм байна. Гоо сайхнаараа хохирсон хүн гадаад төрхдөө сэтгэл дундуур, өөртөө итгэлгүй болж сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амсдаг байна.
Гэтэл манай улсад сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх, нөхөн төлөх хууль эрх зүйн орчин байдаггүй байна. Хэрвээ та гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрх, эмчийн ажлын туршлага, ямар чиглэлийн мэс засал хийх эрхтэй зэргийг судалж сонгохыг хохирогч зөвлөсөн юм. Харин гоо сайхнаараа хохирсон бол хуулийн байгууллагад хандах нь бусдын гоо сайхан, амь нас, эрүүл мэндэд хайхрамжгүй хандсан эмч нарт сануулга дохио болохоос гадна олон хүн хохирохоос сэргийлж чадах юм.