Өнгөрөгч 9-р сар болон энэ сарын эхээр Хятадын хойд нутгаар их хэмжээний бороо орж, тус улсын хүнсний ногоо тариалалтын тэргүүлэх муж болох Шаньдун үерт автсан байна. Шаньдун мужийн тариаланчдын мэдээлснээр энэ намрын ургац хураалт бүхэлдээ ямар ч ашиггүй бөгөөд нөөцөлсөн бүх төрлийн ногоонууд нь үерт автсан байна. Үерийн улмаас БНХАУ-ын олон төрөлт нарийн ногооны үнэ огцом өсжээ. Тодруулбал, 9-р сарын эхэнд бууцайны үнэ 6 юань байсан бол одоо 17 юань болж өссөн талаар Хятад улсын Үнийн индексийн төвөөс гаргасан судалгаагаар баталжээ. Үүнээс гадна ирэх өвлийн саруудад ямар нэгэн ургац хурааж авах боломжгүй учраас БНХАУ-д хүнсний ногооны үнэ дахин өснө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Брокколи, өргөст хэмх, байцааны үнэ өнгөрсөн долоо хоногт 2 дахин нэмэгдсэнээр 1 кг гахайн махнаас илүү өртөгтэй болсон байна. Бээжингийн эрх баригчдын гол анхаарлаа хандуулж байсан зүйл нь эрчим хүчний хямралтай холбоотой инфляцын өсөлт байсан бол ийнхүү дараагийн сорилт нь хүнсний ногоо болжээ. Дэлхий дахинд хүнсний ногооны экспортын талаас илүү хувийн нийлүүлэлтийг Нидерланд хийдэг бол удаах байранд Хятад улс нэрлэгддэг. Гэсэн хэдий ч Хятад улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хамгийн түрүүнд ирэх өвлийн саруудад дотоодын хэрэгцээгээ хангах зорилтыг БНХАУ-ын Засгийн газраас дэвшүүлжээ. Энэ зорилтын улмаас Зүүн Азийн улс орнууд болон Австрали, Шинэ Зеланд, Монгол зэрэг орнуудад хүнсний ногоо болон олон төрлийн хоол амтлагчуудын хомстолд орно гэдгийг мэргэжилтнүүд мэдэгджээ. Бээжин хотод ногооны бөөний үнэ 39 хувиар, навчит ногооны үнэ 50 хувиар нэмэгджээ.